Sunday, September 22, 2013

Блогийн тухай

Тооцоолох машинуудыг нэг сүлжээнд холбон, мэдээлэлийг хормын дотор хооронд нь дамжуулах технологи 20-р зуунд бүтээгдсэн хүн төрөлхтний түүхийг өөрчлөх гайхамшиг байсан гэж би боддог юм. Интернэтийн ашиг тусыг яривал дуусахгүй урт жагсаалт болох байх. Орчин үеийн боловсролын чиг хандлага интернэт дээр суурилж байна. Нэр хүндтэй их дээд сургуульд очиж суралцах бололцоогүй хүмүүст зориулан хичээлийн материалаа интернэтэд нээлттэй байршуулж, үнэгүй онлайн курс хичээллүүлж байна (edX,Coursera,KhanAcademy, Udacity...). Эдгээр үнэгүй курс нь кредит өгөхгүй ч амжилттай төгсөгчдөд сертификат өгдөг. Онлайн курст суралцаж, амжилттай төгссөний баталгаа гэрчилгээ (Сертификат) хүлээн авах нь зарим талаар харагдаж байгаа шигээ тийм ч хялбархан зүйл биш бөгөөд ажилд орох анкет бөглөхдөө төгссөн сургуулиас гадна онлайн курсын гэрчилгээтэй, түүнийгээ хавсаргасан байвал тэр чиний давуу тал болно гэсэн үг. Нэр хүндтэй үнэгүй курсээс гадна үнэтэй курсүүд ч (lynda, tutsplus...) маш олон бий. Тогтвортой сууж хичээллэж чаддаг хүнд хүссэн салбарын мэдлэг олж авах диваажин гэмээр орчин бүрэлдэж байна. Хойшдоо онлайн курсээр сурсан мэдсэнээ хуваалцах болно.